Wednesday, July 8, 2009

Мэдрэхүй

Заримдаа надад бид нар зүгээр л сүнс болчих шиг санагддаг. Эргэн тойронд чинь бүх зүйл чамаас огт хамаарахгүй өрнөөд л, чи харин зүгээр л тэрийг нь ажиглаад л, чамд юу ч мэдрэгдэхгүй. Цаг нөхцөөх гэж ямар ч утгагүй кино үзэж байгаа юм шиг.

Ихэнх тохиолдлуудад надад сүнс шиг байх таалагддаг юм. Өөрийгөө биш бусдыг ажиглах аятайхан санагддаг гэх үү дээ. Өөрөө юу ч мэдрэхгүй байх нь тааламжтай. Зүрх хөөрөхгүй, баярлахгүй, цочирдохгүй, хайрлахгүй, гомдохгүй, бас зовохгүй. Жаргалтай байхад бие хүртэл хөнгөрөөд л ирдэг. Харин гунигтай байхад цээж хүртэл хүндрээд ирдэг. Гунигтай байхад цээжин дээр дараад авдаг тэр бул чулууг зайлуулахын тулд жаргалтай байхад мэдрэгддэг хөнгөн байдлаа хамтад нь устгачихдаг. Жаргахаасаа зовохгүй байхыг илүүд үзэх нь хэний ч амьдралын зорилгуудын дор гүн агуулаастай байдаг. Жаргах нь яахав, зовохгүй л байвал боллоо ....

Нөгөө талаас сүнс шиг байх нь бүр галзууруулмаар. Өөрийгөө амьд эсэхээ мэдрэхгүй байна гэдэг чинь энд оршихгүй байна гэсэнтэй адил болж хувирна. Оршин байгаагаа мэдрэхийн тулд нөгөө сэтгэл хөдлөлүүдээ санагалзана, ахин мэдрэхийг хүснэ, мэдрэхгүй бол мэдрүүлэх гэж хичээнэ. Жаахан ч болтугай өвдөлтийг хүртэл тэр хэвээр нь байлгахыг хүснэ. Алга болчихвол ахиад өөрийг хайна. Хов хоосон байдлаас зовохыг илүүд үзнэ. Жаргахын тулд зовсон ч яадаг юм. Зовсон ч яадаг юм жаргаж л байвал боллоо ....

Мэдэрч байхдаа мэдрэхгүй байхыг хүснэ. Мэдрэхгүй байхдаа мэдрэхийг хүснэ. Амьд байхдаа сүнс болохыг хүснэ. Сүнс байхдаа амьд байхыг хүснэ. Нэг газраа тогтохгүй, үргэлж өөрчлөгдөхийг хичээнэ. Гэхдээ өөрөө бусдыг өөрчлөгдөхгүй байхыг хүснэ.