Sunday, October 25, 2009

Бусдаас илүү байх нь бидэнд таалагддаг уу?

Хүмүүс бүгд хоорондоо ялгаатай байдаг. Зөвхөн дотоод чанараараа төдийгүй гадаад байдлаараа ч бас. Энэ байдал нь хүмүүс хоорондоо харилцах тоолонд нь илэрч байдаг.
Өөрөөсөө арай бага мэдлэгтэй хүнд мэддэг зүйлсээ зааж өгөх эсвэл ямар нэгэн зүйлийн талаар бүрэлдээгүй байгаа үзэл бодлыг нь өөрийнхөөрөө дүүргэж хаях гээд энэ байдал олон илэрдэг л дээ. Нэг ёсондоо онгирох гэж ч хэлж болох юм.

Тэгвэл бид үнэхээр энэ байдалд дуртай байдаг болов уу? Бусдад өөрийгөө хэр илүүг харуулах, бусдад өөрийнхөө юу хийж чадахыг харин түүнийг нь тэр болгон хүмүүс хийж чадахгүй гэдгийг нотолж харуулахыг хичээх, дараагаар нь тэрийгээ нотолж чадах юм бол тэр мэдрэмжиндээ баярлаж эрдэх ...

Гэхдээ энэ бол залуу насны л нэг хэсэг. Залуу, туршлагагүй, халуун цустай, онгироо, дүрэлзсэн нас. Томчуудыг (бид нар хүүхдүүд гэх гээгүй л дээ, зүгээр л биднээс ахмад хүмүүс, ялангуяа бүр хөгшин хүмүүс) хараад байхад тэр болгон бидэнд өөрсдийн гавъяа шагнал, магтаал өргөмжлөлөө яриад байдаггүй шүү дээ. Тэд нар цаг хугацааны эрхээр энэ болгоноос уйдсан байдаг. Зүгээр л уйдсандаа ярьж мэдэгдэхээс ч залхуу нь хүрдэг. Харин бид нар тэгэх хаа ч байсан юм бэ.

Үүнийг ганцхан уйдаагүй зан чанараар тайлбарлаж болохгүй. Өөр нэг асуудал нь гэвэл бидны дотор хувиа хичээх үзэл давамгайлж байдагт оршиж байна. Бид одоохондоо өөрөөсөө өөр хэнийг ч өөрөөсөө дээр тавьдаггүй. Хүн асуухад "Мэдээж хэрэг гэр бүлээ өөрөөсөө илүүд үзэж л таараа шүү дээ" гэж хариулах боловч тэр болгон энэ хариултаа юу гэсэн утгатайгаа мөн энэ асуулт нь ч өөрийнх нь хувьд юу гэсэн үг болхоо ухаарч амжсан нь олон байдаггүй.

Бид одоо бидэнд байгаа гэр бүл, одоо байгаа аз жаргалаасаа авч буй сэтгэл ханамжаа таньдаггүй учираас зөвхөн өөрийнхөө хүчин зүйлсээс илүү ханамжийг авхаар хайж илэрхийлж байдаг.

Тэгэхээр тийм ээ, бид бусдаас илүү гэдгээсээ таашаал авч байдаг. Тэгж мэдрэх нь ч таалагддаг. Гэхдээ өөрийгөө бусадтай харьцуулах үзэл нь тийм ч буруу зүйл биш. Онгироо сагсуу зан бидны өсөж том болох шатны нэг хэсэг юм. Гэхдээ одоохондоо л ...

(Ану өөрийгөө аймар өмөөрөв. Хэхэ)