Sunday, November 1, 2009

Аюурзана - Бурханы тухай яриа

1.
-Би Бурханыг харсан. Жинхэнээр нь!
-Худлаа.
-Үнэн.
-За, тэгвэл тэр ямар хувцастай байна?
-Яг л номон дээрх шиг улбар хүрэн нөмрөгтэй ...
-Ёстой худлаа. Бурхан нүцгэн байдаг юм.
-Юу?
-Яг л эротик кинон дээр гардаг шиг. Эсвэл эртний Герегийн баримлууд шиг. Гэхдээ бүр тэндээ навч ч үгүй.
-Тэгээд нөгөөх нь ямар байх вэ?
-Чи өөрийгөө гэгээрсэн бурхан байна гээд төсөөл дөө. Тэгвэл чинийх ямар байх нь тийм их чухал уу?
-За, төсөөлье. Би бурхан, би нүцгэн... Миний хажууд нүцгэн эмэгтэй бурхад байх уу?

-Эмэгтэй бурхад гэж байдаггүй юм.
-Тэгтэл эмэгтэй хүн гэж бий шүү дээ. Тэднийг нүцгэнээр нь харвал нүцгэн бурханы нөгөөх нь яах бол гэж үү? Чи тэгж асуусан уу?
-Ээ, тэнэг! Ээ, тэнэг! Бурханд эмэгтэй хүн нүцгэнээрээ ч, ганган хувцастайгаараа ч хэрэггүй. Тэр чинь Бурхан! Ойлгож байна уу?
-Олимпийн бурханд сайхан хүүхнүүдэд дурлаж, бүр хүүхэд төрүүлсэн гэдэг биз дээ?
-Тэр Зевс энэ тэр чинь жинхэнэ бурхан биш. Ердөө л домог. Үгүй, би чамд яаж ойлгуулъя даа?
-Байз, байз. Түрүүнийхээ яриаг үргэлжлүүлье. Чиний тэр бурханд ямар ч сайхан хүүхэн хэрэггүй, тийм үү?
-Тийм ээ, яагаад гэвэл тэр Бурхан.
-Бурханд зөвхөн эр хүн л хэрэгтэй гэж үү?
-Түүнд хэн ч хэрэггүй.
-Ингэхэд чи өөрөө бурханыг харсан юм уу?
-Хараагүй ээ.
-За тэгвэл, найз минь, олж хараагүй бурханыхаа тухай надад сургахаа больж үз. Би бол бурханыг харсан. Номонд гардагчлан, тэр улбар хүрэн нөмрөгтэй байсан.
-Чи хараагүй ээ.
-Харсан.
-Бурханы элч, хувилгаан, чагаа тэнгэр, харь гарагийн гийчдийг харсан байж болно. Биширмээр сайхан ламтай тааралдаж болно. Бурханыг бол хэнч олж үзэхгүй. Бурхан хүнд харагдахгүй.
-Бас сонсогдохгүй юу?
-Чихэнд бол сонсогдохгүй. Бурханы зарлигийг сонссон мэтээр хэн нэгэн хүнд санагдвал, тэр өөрийнх нь дотоод дуу хоолой л байж таарна. Бурханыг үнэрлэж, үнсэж, илж тэмтэрсэн бол, тэр зүүдэнд болсон учрал биз. Зүүдлээгүй, бодот амьдралдаа бурхантай гар барьсан тохиолдол байва, тэр бодот амьдралд нь чи бид хоёрын ярилцаж суугаа энэ амьдрал биш байж таарна...


2.
Уг нь энэ яриа цаашаа үргэлжлэх байсан юм. Гэтэл цааш бичих нь утгагүй болчихлоо. Өнөөдөр, бүр дөнгөж сая би Бурхан байхгүйг мэдлээ.


Бурхан гэж байхгүй! Тэгэхээр түүний тухай ярилцаад яах юм бэ?


Байгаа гэж, байсныг нь олон мэргэд нотолсон ч... Үнэндээ, нотолж болохгүй ойлголт бол Бурхан шүү дээ. Тэгэхээр хэн ч, Фалес ч, Сократ ч, Гегель ч нотлоогүй. Хамгийн гол нь...


Хамгийн гол нь Бурхан байхгүй гэдгийг би ойлгож авлаа.


Бурхан байхгүй. Гэхдээ байдаг юм аа гэхэд... Тэгвэл ямархан шинж төрхтэй, ямар амьдралтай байж таарах вэ? Үүнээс яриагаа эхлэх үү? Шинж төрхөөс өмнө, амьдралыг нь төсөөлөхөд амар тул, үүнээс, амьдралаас нь эхэлье.


Бурханы амьдрал...


Тэр мөнх настай. Би энд Будда ч юм уу, Христосыг яриагүй гэдгийг ойлгож байгаа биз дээ? Магадгүй, Ертөнцийн эзэн, цаад жинхэнэ бурханы тухай, хорвоог бүтээгчийн тухай ярьж байна.


Тэр мөнх настай. Төрөөгүй, үхэхгүй. Өнгөрсөн цагийн хамгийн эртний он тоололд ч тэр байсан. Ирээдүйн эцэс хязгааргүйд тэр байж л байна. Одоо ч, хожим ч өтөлж хөгшрөхгүй. Бас тэр хэзээ ч нялх байгаагүй, хүүхэд насыг үзээгүй. Залуу явах, өвгөрч таяг тулах зэрэг нь бурханд оногдох хувь биш. Тэгэхээр бурхан амьд юм уу? Та сайн бод доо. Төрөөгүй, үхэхгүй. Үүнийг бид амьдрал гэж нэрлэдэг үү? Үгүй, амьдрал гэвэл өөр утгыг заадаг. Амьдрал төрөх, үхэхийн хооронд л оршдог. Ямартаа ч бидний мэддэг амьдрал бурханд үгүй. Бурханы амьдралыг бид тэгэхээр Амьдрал хэмээн "доромжилж" болохгүй. Тэгэхээр...


Бурханд амьдрал үгүй! Түүнд амьдрал гэж байхгүй юм байна!


Энэ ч "Бурхан байхгүй"-д хангалттай нотолгоо болж чадахгүй л байх. Тэгэхээр шинж төрхийг нь хэлэцвэл дээр үү?


Түүний дүр төрх бол энэ хорвоо тэр чигээрээ юм. Би энд ямар нэгэн аврага том Мэгжид Жанрайсиг, хэрээс модонд тэлүүлж цовдлуулсан, шаналант төрхтэй эрийн тухай яриагүй. Аль нь ч бурханы дүр биш. Харин дээр цэнхэртэгч тэнгэр миний яриад байгаа бурханы дүрийн нэг хэсэг мөн байх шүү. Газар дэлхийд ч бурханы шинж бий. Ер нь байгаль бол бухан гэгдэх эрхтэй. Гэвч би энэ бүхний цаадхи жинхэнэ бурханы тухай л ярьж байна.


Тэр хүн төрхийг олъё гэвэл хүссэнээрээ, царай муутай, гоё, өндөр, нам, доголон, тарган, бөгтөр ямар ч болчихож чадна. Гэвч тэгэх шаардлага түүнд байхгүй. Аль нэгэн агуйд сууж байвал чухам зохих ч, агуйд суугаад бясалгахын ч утга учир үгүй. Угаас тэр бүхнийг мэднэ. Нэг л агшны дотор хүн төрөлхтөний бүх түүх, одоо, ирээдүй хойчийг харчихаж чадна. Нэгэн зэрэг тэр хүн бүрийг таньчихаж чадна. Хэзээ юу болохыг нэгд нэгэнгүй мэднэ. Чиний хэд наслах, эхнэр чинь ямар хүүхэд төрүүлэх, чиний дээд өвөг дотор хэн хэн байсан, үр удмаас чинь ямар алдар цуутай хүн гарах уу, үгүй юу, цөмийг мэднэ.


Хөөрхий Платоны мунхагийг, Микеланжелогийн эв дүйгүйг шоолж суусан ч байж мэдэх тэр бурхан Бетховенд ямар аяз шивнэж өгсөн ч юм билээ? Цаадхи нь шал буруу ноотлосон ч байж мэднэ.


Ерөөс Бурханд сурах юм үгүй, эрмийн орой гэж бий бол бурхан түүнд хүрчихсэн. Хүрэх гэж огт зовоогүй. Угаасаа л тэнд сууж байсан. Гүн ухаантнууд аливааг тань мэдэх тусмаа танихгүй зүйлстэй улам их тааралддаг бол, бурхан энэ зовлонг тойрсон. Гэхдээ түүнд мэдэхгүй юм үгүй тул, ухаантай хүн болж төрөхийн зовлонг ойлгоно.


Урлагийн гоог таашаах нь бурханд харь. Хөгжмийг зохиогдохоос нь өмнө, зургийг зурагдахаас нь өмнө мэднэ. Бүр яруу найрагч нь төрөөгүй байгаа шүлгийг ч бурхан цээжээр мэднэ. Угаасаа эн ертөнц түүнийх болоод тэр.


Будда гэгдээ ч үгүй байхдаа Гаутама бодь модны дор завилж суухад, -бурхан сансрын хөлгийг мэддэг байсан, Гагариныг ч таньдаг, Армстонгийг ч анддаггүй байсан. Будда гэснээс, бурханд нэр байхгүй. Нэртэй байлаа ч, түүнийг нь хэн ч хэзээ ч олж сонсохгүй. Санаандгүй сонсдог юм аа гэхэд, бурханы нэр гэж танихгүй. Аллах, Есүс гэдэг чинь хүний л зохиосон, хүнд л таарах нэр. Бурханыг тэгж "хочилж" болохгүй.


Клеопатрагийн хамрыг Паскаль зурмал зурагнаас л харж суухад, бурхан тэднийг хоёуланг нь зэрэг, нэгэн дор онигор хар ч юм уу, том саарал нүдээрээ шоолон ширтэж байсан. Энэ мэтийн балай юмыг би тоочих гэсэн юм биш шүү. Бүхнийг мэддэг, чаддаг хүн (Аа нээрэн, Бурхан л даа) тэгэхээр юу бүтээх гэж, юу хүлээж суух болж байна аа? Ертөнц нэгэнт бүтээгдсэн, цаашаа юунд хүрэхийг нь тэр өөрөө бодоод олчихсон. Ийм юм гэж байх уу? Та энэ өгүүлбэрийг ахиад нэг унш даа: "Ертөнц нэгэнт бүтээгдсэн, цаашаа юунд хүрэхийг нь тэр өөрөө бодоод олчихсон." Тэгэхээр...


Бурхан хийдгээ хийчихсэн. Бурхан минь, баяртай!
2000.8.8




3. Л.Б.-д Тайлбар
Та миний эсээг уншжээ дээ? Дэмий ч юм биччихэв үү гээд эргэлзээд л сууж байлаа. Хэрэв таны гурван асуулт байгаагүй бол, би ахиж энэ тухай хэзээ ч ярихгүй сэн.


Эхний хэсэгт гарч байгаа хоёр ярилцагчийн аль нь ч би биш. Ердийн л хүмүүсийн яриа. Харин их сонин сэдвээр ярилцаж байгаа биз? Иймэрхүү юм ярилцдаг хүмүүс хаа нэгтээ байж л таарна. Харин надтай, үнэнийг хэлэхэд, ер тааралдаж байсангүй.


"Бурханыг харсан. Улбар жанч нөмөрчихсөн байсан" гээд зүтгээд байгаа нөхөр бол ердийн л, дундаж хүний нийтлэг хүний дүр юм. Тэр "Нүцгэн эмэгтэйг харвал бурханы нөгөөх яах бол гэж чи асуугаад байна уу?" гэхчлэн шал өөр тийм мушгиж байгааг нь харахгүй юу! Үнэхээр бурханыг харсан юм уу, ямар нэгэн жанч нөмөрчихсөн хүнд ховсдуулчихсан ч юм уу, би мэдэхгүй. Уг нь анхныхаа хувилбараар явсаар байгаад төгсчихсөн бол учир нь олдох л байсан биз. Гэвч би хамгийн сонирхолтой хэсэгт хүрүүтээ, бичиж буй зүйлийнхээ утгагүйг олж харсан юм. Тэгээд л орхичихсон.


"Бурхан бол нүцгэн. Түүнд хэн ч хэрэггүй. Гэхдээ түүнийг олж харах аргагүй" гээд байгаа нөхрөөс болоод ч би дутуу орхисон зохиолоо хэвлүүлж байна. Бас тэр нөхрийн ярианаас л би "Бурхан байхгүй"-ыг олж үзсэн болохоор, эхний энэ хэсэг зайлшгүй хэрэгтэй байлаа л даа.


-Бүхнийг мэддэг, чаддаг бол энэ хорвоод байх хэрэггүй гэж та үзэж байгаа юм уу? гэж та асууж. Би бол тэгж л үзнэ. Бүхнийг таньж мэдсэн хүн та бидний дунд юу хийх болж байна аа? Энэ хорвоо ямар билээ?


Та ажлынхаа газрыг жижигхэн хорвоо гээд бодчих. Танд сайн хамт олон байхыг би үгүйсгэхгүй. Өглөө найрсгаар мэндэлнэ, зав чөлөөнд нь амьдрал жаргалаа ярилцана, орой нь "баяртай". Их ажил бүтээлээ, ашигтэй хэлцэл хийлээ, магтууллаа, шагнууллаа. Үгүй, тэгээд яах юм бэ? Та ажлаа ямар нэгэн хэмжээгээр дутуу мэддэг болоод л энэ уйтгартай өдрүүдийг тэвчиж яваа биз дээ? Ажлаа төгс мэддэг хүнд шагнал урамшил хэрэггүй. Төгс мэднэ, төгөлдөр байж чадна гэдэг өөрөө цалин харамж горилох хэмжээнээс тасарчихын нэр юм. Хэрэв та үүрэгт ажилаа төгс гүйцэтгэж чаддаг байсан бол, энд нэг ч өдөр тогтон сууж чадахгүй гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Гаднаа та ажилдаа дуртай, ажлаа мэддэг хүний дүр эсгэж болно л доо. Энэ амархан. Дотроо бол та эргэлзэж явна. Энэ таны азгүйнх биш. Бурхан ч таны оронд байсан бол ингэх л байсан. Гэхдээ бид түүнийг төгс хэмээн үзэж заншсан болхоор, тэр ажлаа хаяад одох л болов уу даа.


Одоо та бурханд ямаршуухан хувь заяа оногдсоныг ойлгоо биз дээ? Түүнд оршин саатах газар гэж үгүй болчихсон юм. Тэр чинь бүхнийг мэддэг шүү дээ!


Бүхнийг биш гэхэд, аливааг мэддэг чаддаг байх ер нь амаргүй. Бурхан анх "Гэрэл" гэдэг үг шивнэтэл, тас харанхуй хорвоод гэгээ туссан юм гэнэ билээ. Тэр үед бурхан байсан, бүр маш аз жаргалтай байсан гэдэгтэй би маргахгүй. Хорвоог бүтээж байхад өөрийн эрхгүй инээмсэглэл төрдөг биз. Харин тэр инээмсэглэл нь шоолонгуй байсан юм биш байгаа гэж хааяа би эргэлздэг. За, энэ ч яахав, хүмүүсээс л болж байгаа хэрэг.


Хүмүүс гэснээс, хүмүүсийг бас нэг шидэт үг шивнээд тоос шорооноос бий болгосон гэж ярьцгаадаг. Бид нэгэн цагт эргээд л тоос шороо болдог тул энэ харин тун ч ортой домог шиг санагддаг шүү. Шавар дүрс рүүгээ бурхан "Хүн" гэж шивнээ биз. Хорвоод элс шавар мундахгүй. "Чоно" гэсэн үгийг сонссон шавар ч өсч үржиж л яваа, "Хонь" гэгдсэн шавар ч өсч үржиж л яваа. Хичнээн ч үржсэн эргээд л тоос шороо л болно.


Гэхдээ "Хүн" гэдэг Бурханы сүүлчийн үг байсан болов уу. Хүнийг бүтээж гүйцээд л бурхан үгүй болсон байж таарна. Тэр цагаас хойш хүн байгаль эхээ шүтэж, хэрэглэж, захиран эзэгнэхийг оролдсоор өдий хүрлээ. Бурхан байсан бол хаанаас тэгэх вэ! Чоныг хөнөөж, хонийг ч өсгөж олшруулаад идэж яваа хүмүүс яалт ч үгүй, чононоос ч, хониноос ч сүүлд бүтээгдсэнээ ч ухаардаггүй.


Уг нь хүн бүхний дотор бурхан шүншиг бий. Түүнд найдаад л бурхан өөр зүгт одсон!


Хорвоо өнөөдөр хүнээс хамаарч байна. Нэгэн цагт бурханаас хамаарч байсан нөгөө л хорвоо тэр шүү дээ. Тэгэхээр та бидний амьдралд бурханаас хамаарах юу ч үлдээгүй гэсэн үг. Бидний аз жаргал биднээс л, бидний гай зовлон ч биднээс л хамаарна. Бурхан хийдгээ хийсэн. Бурхан баяртай!
2000.8.12




4.
Өглөөгүүр хэн нэгэн хаалгыг минь тогшиж, Есүсийн тухай бяцхан ном орхиод явжээ. Номын агуулга товчхондоо:


-Хэн Есүст үл итгэнэ, тэр хүхэр шатсан тамын нууранд унана. Тамын зовлон бол хэзээ ч дуусашгүй үйл лай байдаг. Харин Есүст үнэн голоосоо итгэсэн хүн диваажинд очиж жаргана гэж.


Эндээс л өрнө дахинд нэн их дэлгэрсэн нүглийн тухай хачин үнэмшилгүй ойлголт эх авсан юм. Католикууд хүн алах, хулгай хийх, бусдын зовлон дээр жаргах нь нүгэл гэдгийг сайн мэднэ. Гэхдээ тийм нүглүүдийг үйлдэж явсан бол үхэхээсээ өмнө амжиж наманчихлах л хэрэгтэй, тэгвэл нүгэл нь нүгэл биш болно гэж номлодог. Бурханаас өршөөл эрж нүглээ наманчилж буй нь Есүс гээч бурхан буйд итгэж байгаагийн шинж. Үүнийг сурталчилснаараа Бурхан бийд итгэх л хамгийн гол гэсэн ойлголтыг түгээж буй хэрэг. Мөн зальхай яа!


"Хэн Есүст итгэнэ, тэр хэзээ ч тамд унахгүй!" Тэгэхээр шашны номлолд итгэх нь л хамгийн гол зүйл, нүгэл үйлдэх бол жич асуудал байх нь! Нүглэ үйлдэхдээ Есүст итгэж байх юм бол, нүгэл чинь нүгэл биш (буян) болно гэсэн үг! Есүст итгэнэ гэдэг нь түүний бодтой оршин байгаад, тэр л цорын ганц Бурхан мөн гэдэгт өөрийгөө итгүүлнэ гэнэ үг! "Аллахаас өөр тэнгэр байхгүй!" гэдгэрхүү л юм. Энэ бол цэвэр шашны асуудал. Шашны туйлын мөн чанар ямарваа зүйлийн бодтой эсэхийг үл хайхран гагцхүү итгэхэд л оршдог. Сохор таамгаар шүү дээ! "Хэн Есүст итгэнэ, тэр диваажинд жаргана!" Нүгэлтэн байх эсэх нь гол юм биш, Есүст итгэдэг л байх учиртай гэнэ.


Есүс ийм зандалчин сэтгэхгүйтэй, харанхуй хүн байсан уу? Эсвэл хожуу үеийн луйварчид сургаал номлолыг нь өөрсдийн эрх ашигт нийцүүлэн засамжилсан уу? Би мэдэхгүй. Магадагүй, аливаа номлол мунхагдуу байх тусмаа тэр чинээгээрээ олон нийтийг эрхшээн дагуулдаг ч юм бил үү. Ерөөс энэ "Олон нийт", "Ард түмэн" гээчид маань ариусч гэгээрэхээс илүү нүгэлд умбахыг таашаадаг учираас нүглээс хол ангид явахыг биш, үйлдсэн нүглээ Бурханаар яаж ийгээд уучлуулахыг л боддог юм болов уу? Тийм нөхцөлд л, "Намайг шүтэн дагахгүй бол, та нар аймшигт тамын галд үүрд шатаж тарчлах болно!" хэмээн сүрдүүлж буй хэн нэгний (Яавч Бурханы биш. Бурхан ийм увайгүй үгээр бусдыг дарамтлахгүй) үгэнд автцгаах болно.


Үнэхээр бурхан бол, тэр бусдаас өөртөө итгэхийг шаардаж, итгэхгүй бол ингэж тэгж залхаан цээрлүүлнэ гэж ярьж явах уу даа? Гэгээрсэн бурхан байтугай, хүмүүжилтэй хүний амнаас ийм үг багтаж гарахгүй. Жинхэнэ бурханд иймэрхүү атгаг санаа, өш хонзон байх учиргүй. Олимпийн бурхад өш хонзон санадгийг энд битгий хамаатуулаарай. Герег домгийн баатрууд болохоос, тэд бурхад биш. Энэ тухай дээр нэгэнт ярьсан санагдана.


Чухам нүгэлд умбахаа юу юунаас илүүд үздэг хүмүүс л "Диваажинд төрж жаргахын тулд ганцхан Есүст итгэчихэд хангалттай!" гэсэн маягийн сургаалыг дагана. Мунхаг хүнд ч энэ нь хялбархан санагдалгүй яахав. Гэгээрч ариусах, нүглээс хол явах хэцүү. Яг л сайн номыг уншиж ойлгох хэцүү байдаг шиг. Нүгэл дундуур туучлах, үйлдсэн гэм нүглээ нүгэл биш гэж бодох амархан. Яг л юу ч уншихгүй хэвтэх амархан байдаг шиг.


Одоо итгэлийн тухай ярьцгаая. Есүс бидний өөртөө итгүүлж яах гээд байгаа юм бол? Хэрэв тэр жинхэнэ бурхан мөн аваас, өөрт нь хүмүүс итгэнэ үү, байна уу, ер хамаагүй байлтай. Түүний чухам хэн болохыг амархаан танихын тулд цөмөөрөө хүнчлээд харцгаая.


"Есүс=хүн, Бурхан=яруу найрагч" гэсэн хялбархан орлуулга хийчихье. Тэгвэл бид дахин дахин Есүсийн нэрийг дурдаад байх шаардлагагүй болно. Тэгээд ч миний хувьд яруу найргийн тухай ярих нь шашны эсрэг ухуулга хийхээс хавьгүй сонирхолтой. Жинхэнэ яруу найрагч хүн өөрийнхөө хэр зиндааг мэддэг. Энэ бол яруу найрагчдын хэн нь үнэхээр шилдэг яруу найрагч болохыг жирийн иргэд бус, яруу найрагчид өөрсдөө илүү мэдэж байдагтай л адил зүйл. Хэрэв нэгэн шүлэгч өмнөх болоод өөрийн үеийн бүхий л яруу найргийг нэвтэрхий судалж таниад өөрийгөө бусдаас хол тасарчихсан, үнэний туйл мэт яруу найрагч болохыг ойлгох юм бол, энэ нь түүнд хамгийн эрхэм таашаал болно. Нэгэнт хосгүйгээ мэдэрчихсэн яруу найрагчид бол магтаал, зэмлэл аль нь ч үнэгүй. Тэр жинхэнэ яруу найрагч! Гүйцээ! Бусад хүн түүнийг бишрэн шүтэж байна уу, үгүй юу, хамаагүй! Шүтсэн ч, эс шүтсэн ч, нэгэн цагт түүнийг амьд явсны, шүлэг бичсэны хэрэг гүйцсэн юм чинь. Тэр их таашаал, ид бахыг юутай ч зүйрлэх аргагүй тул жинхэнэ яруу найрагч хэзээ ч алга ташилт горилохгүй.


Яруу найрагч бол Бурхан биш, ердийн л мах цусанд төрсөн хүн. Гэвч бурханлиг увдистай байхын амтыг мэдэрч байна. Гэтэл "Бурхан" маань яагаад өөрөө энүүхнийг мэдрэхгүй байна вэ? Яагаад "Бурхан" маань өөртоо мухар сүсэгтнүүд хайж, өөрийгөө магтан үлгэр домог зохиож, үл дагагсдыг хаа нэгтээх нурман нуураар сүрдүүлж явна вэ? Яагаад..?


Яагаад гэвэл, тэр Бурхан биш байна!




5.
-Бурхан тэгээд байна уу? Үгүй юу?
-Хариулахад хэцүү л дээ. Үнэн хариулт ч олдохгүй биз. Гэхдээ танд ч, надад ч амрыг нь бодоод "Бурхан байхгүй" гэж хариулъя. нэхээр Бурхан байлаа гэхэд, бидний төсөөлдөг шигээр оршин байж яавч таарахгүй болохоор ингэж хэлсэн нь дээр.
-Та дээр "Бурхан хийдгээ хийсэн" гэсэн. Тэгэхээр тэр байж ээ?
-Бурхан хийх ёстой бүхнээ хийсэн, тэгээд явсан. Магадгүй, тун саяхан явсан ч байж болох шүү дээ. Тиймээс би "Баяртай" гэж хэлсэн юм. Гэвч энэ бол яг ч "Байсан" гэсэн үг биш ээ.
2000.10.