Friday, March 12, 2010

Billy Elliot

БИЛЛИ ЭЛЛИОТ
4.6/5.0 
Энийг бүжгийн эсвэл өөр ямар нэгэн төрлийн урлагын тухай кино гэж бодож байна уу? Тэгвэл хол эндүүрч байна даа. За, нэх тийм ч хол биш л дээ. Гэхдээ л энэ кино бол нөгөө л нэг бүжигчин болохыг хүсдэг байсан мөрөөдөлдөө хүрч байгаа хүүгийн тухай гардаггүй. Энд бодит материалист ертөнц болон сонгодог идеалист ертөнц хоёрын мөргөлдөөнийг харуулдаг. Урхайчин ажилчин ангийн хүүхэд идеалист урлагын ертөнц үүдээ хальт цухалзуулаад өнгөрч байгаа нь тэр. Хэн ч өөрийнхөө уйтгартай, өнгөгүй амьдралаас ямар нэгэн байдлаар гарахыг хүснэ шүү дээ. Эрт оройгүй хэзээ нэгэн цагт.

За тэгэхээр киноны хийцийн тухай ярихад үнэн гоё. Анх үзэхэд миний анхаарал аав дээр нь нилээн төвлөрсөн. Дахиад үзэхэд ах нь илүү сонирхолтой дүр байгаа нь харагдаж байсан. Харин эмээ нь бол үнэхээр гоё шигтгээ. Багш бол мөрөөдөл нь мохож азгүйтсэн эмэгтэй. Гэсэн ч гэсэн дотоод ертөнц нь том. Скарлет О'Хара шиг сонгодог хоньний орд гэж хэлэхгүй ч сонгодог бус хоньний орд. (Юу ч хэлчихэв дээ)

Таалагдсан нэг гоё хэсэг нь ахынх нь шүүх хурлын дараа гурвуулаа гэртээ иртэл багш нь хүлээж байдаг хэсэг. Тэр хэсэг дээр эцэг, ах, хүү гурав шал өөр хүмүүс ч хэрхэн бие биендээ дасан зохицож тэсэж сурсан байгааг харуулдаг. Дараагаар нь Билли гудамжаар бүжиглэж явж байгаад зэвэрсэн хананд тулаад тэрэндээ гутарч өшиглөж балбадаг хэсэг бас байна. Төгсгөлийг нь бас дурсаж болох юм. "Би чамайг санах л байх даа..." гэдэг нь ямар гоё байваа.