Saturday, May 15, 2010

Цүнхийг чинь ухаж болох уу?

Ээж минь нэг удаа миний цүнхийг ухаж байгаад хэрэгтэй зүйлээ хайгаад олоогүй бололтой нэг л зэмлэнгүй харж билээ. Тэмдэглэлийн дэвтэр, үзэг харандаа, хэдэн зузаан номноос өөр юу ч байдаггүй цүнх хамаг юмаа хамаад чихчихсэн юм шиг л хүнд байлгүй яахав. Намайг хэрэглээрэй гэж өгсөн хэдэн будаг шунх нь аль хэдийн эзнээ олсон болхоор одоо тэнд ээжид минь хэрэгтэй зүйл нэг ч алга. Барьж байгаа цүнхээр нь тухайн эмэгтэйг хэн гэдгийг таньж болно гэж сонжоон дээрээс уншиж байсан санагдаад инээд хүрч суулаа. Тэр сонжоогоор бол би гэдэг хүн эрдэм номын мөр хөөсөн хоосон сэтгэлтэн болж таарах нь. Энэ л үед эмэгтэй хүний цүнхэнд яг юу байдаг юм бол гэсэн сониуч бодол гялсхийв. Найзуудынхаа цүнхийг ухаж үзэх хэрэгтэй юм байна гэж хамгийн түрүүнд таагаад гэрээсээ гарлаа. Гудмаар том жижиг, ганган дэгжин гээд л олон төрлийн цүнх эрээлжлэнэ. Хэлбэр хийцийн хувьд эзэн нь хэн бэ гэдгийг таах их л хэцүү зүйл бололтой. Хэрвээ яг энэ үед би өмссөн хувцасаа дагаад жижиг гар цүнх барьчихаад өөртэйгөө таарсан бол ямар дэгжин ихэмсэг харагдах байсан бол. Гэтэл үнэн хэрэгтээ би тийм хүн биш шүү дээ. Энэ үнэхээр сонирхолтой зүйл юм. Эмэгтэй хүн сониуч зангийнхаа ачаар дэлхийг эргүүлэх нээлт биш юмаа гэхэд өөрийнхөө хэмжээнд ямар ч эрдэмтэн доктороос илүү байж болох. Цүнхээр нь биш дотор нь юу байгаагаар нь таны тухай мэдээллийн 60%-ийг авч болно гэж эрчүүд боддог. Гэтэл үнэхээр цүнхийг нь ухаад л хэн гэдгийг нь мэдэж болдог бол бид эрчүүдэд ямар амархан олзлогдох билээ дээ. Хэрвээ тэгдэг байсан бол бид ч цүнхэндээ өөрт хэрэгтэй зүйлээ биш харин эрчүүдэд таалагдах ямар нэг хэрэггүй зүйлийг хийх байсан биз. Гэхдээ л бидний цүнхэнд юу байгаа нь хэзээд нууц хэвээр үлдэн ямар их аз вэ.
Онгорхой цүнх
Би ер нь өөрөө ямар хүн бэ? Цүнхээ уудаллаа. Эмэгтэй хүн гэдэг утгаараа цүнх минь хоосон байх юм. Түнтийтэл чихсэн бөөн зүйлс дунд "эмэгтэй хүнд" хэрэг болох юм нэг ч алга. Замбараагүй биш ч гэлээ мэдэхгүй хүн ухвал хаана нь юу байгаа нь тодорхойгүй. Инээдтэй нь цүнхийг минь ухсан хүн намайг тамхичин юм байна гэж бодох эд мөрийн баримт хаа сайгүй. Надад их олон дэвтэр бий. Тэр болгон дээр ажил хэргийн зүйлээс гадна хэн нэгэн суутны хэлсэн үгс, сонин тохиолдолууд дүүрэн бичигдсэн байдаг. Би хаана нь хэний хэлсэн үг, ямар ишлэл байгааг төвөггүйхэн олж чадах болохоор ямар ч байсан замбараагүй хүн гэж өөрийгөө дүгнэж чадсангүй. Эцэст нь цүнхээ ухаагүй би ер нь нээлттэй хүн юм байна. Яагаад гэвэл миний цүнхэнд юу ч байлаа гэсэн хэн нэгэн ухахад хэзээд дургүйлхэхгүй гэдгээ баталж чадах учраас. Онгорхой цүнхтэй хүмүүсийг салан хүн гэдэг. Гэсэн ч цүнх минь онгорхой байсан ч хэзээ ч юу ч алга болж байгаагүй, хэн ч намайг цүнхээр минь дүгнэж байгаагүй учраас үүн дээр нэг их санаа зовсонгүй.

Ухаантны цүнх
Тэр гадаадад нэр хүндтэй дээд сургууль төгссөн, хэнтэй ч ямар ч сэдвээр мэтгэлцэж чадах толгойтой нэгэн. Ажлынх нь хамт олон ч түүний тухай өндөр сэтгэгдэлтэй явдаг. Гэтэл цүнхэн дотор нь санаанд оромгүй зүйлс байх юм. Уг нь тэр гэртээ бол үйлчлэгч шиг л байдаг шүү дээ. Энэ одоо юу вэ гэж өөрийн эрхгүй бодно. Ёстой л эзэн нь нэг өөр хүн цүнх нь нэг өөр хүн гэлтэй. Хаана юу байгаа нь мэдэгдэхгүй хогтойгоо холилдсон энэ цүнхийг хэрвээ би гудамжнаас олсон бол эзнийх нь тухай "арчаагүй амьтан" мэтээр төсөөлөх байсан нь гарцаагүй. Төсөөллөө цаасан дээр буулгаад муу талыг нь жагсаасан бол замбараагүй, царай муутай, хэнэггүй, хэзээ ч цаг баримталж байгаагүй болов уу гээд л уртаас урт дараалал бичигдэх байсан биз. Ухаж дуусаад эргээд харахдаа энэ хэний цүнх вэ гэд орилох шахлаа. Тэгээд хүний цүнх ухсандаа өөрийгөө л зэмлэх шиг. Нэгэнт л би тэр хүийн тухай хэзээ ч цүнхэн доторх шигээр нь төсөөлөхгүй учраас энэ цүнхийг ухаад та тийм хүн гэж дүгнэх нь шал утгагүй санагдлаа. Тэгэхэд л би цүнх бол эмэгтэй хүний дотоод сэтгэлийн нөгөө тал нь байж болох юм байна гэж ойлгосон юм. Энэ дүгнэлт маань миний хувьд их олон зүйлийн тайлал байсан болохоор дахиж хүний цүнх ухаж дотоод хүнлүү нь нэвтрэхгүй байхаар шийдлээ.

Шидэт цүнх
Тиймээ энэ үнэхээр шидэт цүнх юм. Эзнийх нь хувьд ч өөлөх зүйл алга. Жинхэнэ HOUSE-WIFE. Гэр бүлийн жижиг альбом, хайч, хутга, зүү утасны набор, үсний төрөл бүрийн хавчаар боолт, гоо сайхны газар гэлтэй есөн шидийн өнгийн нүдний харандаа, тень, уруулын будагны цуглуулга, нусны алчуур, гутлын алчуур, харааны шил, нарны шил (би яг л дэлгүүрийн шинэ барааны цүнх ухаж байгаа юм шиг л санагдаж байна). Том чемодан биш жижиг гар цүнх байсан нь л хамгийн хачирхалтай. Бодохоор л тэр эмэгтэй яг л нөгөө ээжийгээ гэртэйгээ үүрээд явдаг Гарьдмагнай шиг санагдаад инээд ч хүрэх шиг, өрөвдөх ч шиг. Тэр үнэхээр л бүх зүйлд бэлэн бололтой.
Нэг хэсэг ийм болом юм олчихоод тэрэн дундаасаа ямар нэг "нээлт" хийж чадахгүй барагл самгардаж суухдаа хувь хүнийх нь талаас харьцуулж үзэхээр шийдлээ. Бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчээр түүнд сонирхол татах юу ч алга. Тэр энгийн л бүсгүй юм байна. Ийм эмэгтэй гэхдээ хичнээн байдаг бол гэсэн асуулт бүх зүйлийг тодорхой болголоо. Магадгүй тэр бусадтай л адил учраас ядаж тэдэнд тусалж байхыг хүсдэг ч юм билүү. Нэг үгээр бол магадгүй тэд сул дорой байдлаа эмэгтэй хүний зальжин аргаар ингэж халхалдаг ч юм билүү.

Багтай цүнх
Өөрийнхөө хийсэн нээлтэд сэтгэл ханаагүйдээ бус сониуч зан маань загатнуулсан болохоор дахин нэг цүнх ухаж үзэхээр шийдлээ. Жинхэнэ эмэгтэйлэг цүнх. Ухаж байхдаа урьдны хийсэн нээлтэндээ тулгуурлан эзнийх нь дотоод сэтгэлийг давхар шалгаж суулаа. Бүх юм байх ёстой байрандаа, эмх цэгцтэй, басхүү дэгжин хээнцэр чамирхалууд.
"Өдрийн тэмдэглэл". Мэдээж цүнхийг нь ухаж байгаа нь миний хувьд маш том дайралт учраас энэ дэвтрийг нээх эрх байгүй. Дуусах хүртлээ санаанд минь буугаагүй учраас нээлт хийж чадаагүй би бас л цүнх ухсандаа баярласангүй. Гэтэл цүнхэндээ гол нь бус тэр дэвтэрт бүх учир байсныг хожим номноос уншлаа. Өдрийн тэмдэглэл бичдэг хмүүс өөртөө итгэлгүй, ганцаардмал, бусдын өмнө байнга багтай зогсдог гэсэн байх юм. Тэд дэг журам, сахилга бат, чанга хатуу зарчим гэсэн багнаас салж чаддаггүй учраас дэвтэртэйгээ зовлонгоо хуваалцдаг бололтой. Ингээд бодохоор л дээр хэлсэндээ 60% улам ч багасах шиг боллоо. Гэсэн ч бүх хүмүүс багтай амьдарч үхэхдээ л тэр багаа тайлж хаядаг шүү дээ гэсэн бодол маань жолоог өөр тийш нь эргүүлсэн юм.

Хоосон цүнх
Хоосон юм чинь цүнхээр яах билээ гэж та сая бодсон уу? Тиймээ тэд цүнх барих дургүй. Үнэхээр хэрэг болсон үед л ямар ч хамаагүй тааралдсан цүнхээ барьдаг. Ийм хүмүүсийн хувьд түүний цүнхэнд сонирхоод байх юу ч байхгүй. Жинхэнэ байгаагаараа байх дуртай, илүү дутуу баггүй хүн гэж хэлж болох. Зарим талаар өрөөсгөл байж болох ч хэрэгтэй хэрэггүй олон юм чихэж хэн нэгэнд таалагдах гэж оролдсоноос дээр юм болов уу. Гэхдээ бид энд зөвхөн сэтгэл зүйн тухай ярьж байгаа болохоор энэ төрлийн хүмүүсийг нэг талаар хэнэггүй, нөгөө талаар итгэлтэй хүмүүс гэж болох. Ийм хүмүүс ихэвчлэн бүх зүйлд бэлэн байдаг бөгөөд ямар нэг зүйлд санаа зовох нь ховор. Хэрвээ тэд цүнх барихаар шийдсэн бол хамаг юмаа хамаад хийчих томхон цүнх л барих байхдаа.

Тэгээд та одоо өөрийнхөө цүнхийг ухаж үзэх гэж байгаа бол алинд нь тохирохоо бус тэндээс юу гарч ирэхийг нь сонжоорой. Та ч бас над шиг нээлт хийнэ гэдэгт үнэхээр итгэлтэй байна. Бас нгэ зүйлийг дөнгөж сая л бодож оллоо. Нууцлаг гэж бодсон бүсгүйчүүдийн маань цүнхэнд юу байдаг юм болоо. Үнэндээ тэд над шиг нээлттэй байх ч юм билүү.
Ухаж үзнээ...
Гялбаа сэтгүүл. Дугаар 28.