Saturday, May 29, 2010

Inspirational Item: My mom

Би ээжийгээ яг ч item гэж бичмээргүй байна л даа. Гэхдээ цувралаа ингэж бичээд эхэлчихсэн болохоор тэр чигээр нь биччихлээ.

Та нар Gilmore Girls -ыг санаж байна уу? Манай ээж бид хоёр бараг л тэр хоёр шиг. Ээж инээдтэй, ухаантай мөртлөө мэдэн будилж тоглодог, шинэлэг, яг л найз шиг. Харин би хариуцлага ярих дуртай, агаар шиг ном уншдаг, за Роригийн сайн чанарууд надад байхгүй юм байна аа.

Ээж бид хоёрын харилцаа үнэн хөгжилтэй л дөө. Ямар нэгэн юм асуухаар мэдэхгүй ээ л гэнэ. Амьдралын чухал асуудлаа шийдэх гэж байхад ч чи өөрөө л мэд л дээ гэнэ. Тэгэхдээ би юу ч сонголоо гэсэн ээж хэзээд намайг дэмждэг. Миний сонголтын өөрчлөх гэж оролддоггүй. Алдах юм бол тосоод авдаг. Алдахгүй бол дэмжээд өгдөг.

Над шиг сул хүнд ээж шиг минь хүчтэй хүн байдаг нь аз завшаан шүү.

Бид хоёр байнга л маргалддаг юм. Харин эвлэрч байгаа нь ёстой сонин. Хоёулаа тус тусдаа өрөөнд ороод л хаалгаа хаана. Удалгүй л хоёр талаасаа чимээгүй нийлж суугаад зурагт үзнэ. Нэг мэдэхэд л тэврүүлчихсэн нойрмоглож байгаа юм чинь. Нэг удаа нийлээн уурлаад би хэдэн хоног ярихгүй байсан. Тэгсэн чинь ээж дэлгүүр лүү гарах шиг болсон юм. Орж ирсэнийх нь дараа би гал тогооны өрөө ороод хөргөгчөө нээгээд хартал яг хоёр ширхэг хайрцагтай тараг ил хамгийн наад талд нь байдаг юм даа. Хөөрхөн санагдаад хоёуланг нь гаргаж аваад, "Та надад нэгийг нь авсан юм уу?" гэсэн чинь "Чи олигтой юм идэж өгөхгүй юм байна ш дээ. Ядаж тараг уу." гэдэг юм даа. Хайр хүрээд л очоод тэврээд авч байгаа юм чинь. Ингээд л би ээжээсээ салж чаддаггүй юм даа.

Би ч ийм ээжтэйдээ азтай хүн шүү.

Ээжээ, хэрвээ та ямар нэгэн байдлаар миний блог руу ороод энэ нийтлэлийг уншиж байгаа бол охин чинь таньдаа хайртай шүү.