Saturday, September 25, 2010

Уй гунигийн тухайд

Би хувьдаа энэ мэдрэмжинд хавьгүй бага автдаг хүн. Хэдийгээр бүхий л ертөнц хэлэлцсэн юм шиг гуньж гашуудахад онцгой ач холбогдол өгдөг, түүнийг бүр ухаан мэргэнтэй холбоцгоодог ч, - би түүнд дургүй, төдийлөн сүйдтэйд тооцдоггүй. Буян, өрөвч нинжин сэтгэл гэдэг тийм ч аятайхан чимэг биш! Энэ үгээр өөдгүй муу гэсэн утгыг илэрхийлснээрээ италичууд илүү оновчтой шийд гаргажээ. Энэ чинь ямагт хор хөнөөл тарьдаг, эрүүл саруул сэтгэлгээнээс гадуур, дорд өчүүхэн мэдрэмж шүү дээ. Ухаантай хүн уй гашууд автахыг стоикууд хориглосон байдаг.

Ийм нэг яриа бий. Египетийн хаан Псамменит дайнд ялагдаж Персийн хаан Камбизын эрхэнд ороод байхдаа, мөн л олзлогдсон охин нь боолын хувцас өмсчихсөн, ус авахаар хажуугаар нь өнгөрөхийг харжээ. Тэнд байсан нөхөд нь уйлалдан, чангаар эхэр татацгаасан ч, тэр ер бусын тайван байж, нэг ч үг дуугаралгүй газар гөлөлч зогсов. Үүний дараа хүүг нь цаазлахаар авч явахад ч хаан биеэ барьсан чанд хатуу байдлаа алдсангүй. Харин хажуугаар нь туугдан өнгөрсөн олзныхон дундаас шадар албатуудаа олж үзүүт тархиа шаан, гүнээ эмгэнэж, орь дуу тавьсан гэдэг.


Энэ явдлыг манай ихэс дээдсийн нэгэнд саяхан тохиолдсон явдалтай жишиж болох юм.Триенад байхдаа тэрээр бүр ураг төрлийнх нь бахархал, түшиг тулгуур болсон том ахыгаа амь үрэгдсэн тухай сонсчээ. Төдий удалгүй мөн л найдлага тавьж явдаг өөр нэг ах нь өргөрсөн байна. Дээр дээрээсээ нүүрлэсэн энэ хоёр цохилтыг тэр тун тэвчээртэй давж гарсан бөгөөд хэд хоногийн дараа шадар хүмүүсийнх нь нэг нас барахад, сэтгэлийн хат нь зөвхөн энэ хүртэл л тэсч явсан юм шиг байж ядталаа халаглан цухалдаж, асар их уй гашууд автжээ. Үнэн хэрэгтээ, түүний дотоод сэтгэлийг бөглөж дүүргэчихээд байсан уй гашуу тэвчээрийн хүлээснээс алдран гадагш дэлбэрэн гарахад ахиад ердөө хэдхэн дусал л хангалттай байснаас тэр.

Хүү, охин хоёрынхоо золгүй хувь тавиланд сэтгэл ер өвдөөгүй атлаа албатуудынхаа зовлонг зүрхэндээ тийм ойр гүнзгий хүлээж авсны нь учрыг асууан Камбизд мань Псамменитын хэлсэн хариулт хэрэв байгаагүй сэн бол, өмнө ярьсан түүхийг ч мөн ийнхүү тайвбарлаж болох л байлаа. Псамменит: "Сүүлчийн энэ харуусал бол нулимс болон илэрхүйц байснаас л тэр. Урьдын хоёр цохилтоос учирсан уй гашууг яаж ч илэрхийлэх аргагүй юм." гэж хэлсэн гэдэг:

Ямар ч гэм буруугүй атлаа хараал идсэн хувь заяанд ороогдсон Ифигенияг хараад эмгэнэн халагласан олон түмнийг дүрсэлсэн эртний зураачийн аргын талаар энд дурдвал тун ч зохилдох вий. Хүмүүс дор бүрнээ хэрхэн өрөвдөж зовнин буйг зураач өөрийн ур чадлын ид хаваар нэг бүрчлэн харуулсан атал харин бүсгүйн эцгийг нүүрээ дарснаар зуржээ. Тийм их цөхрөлийг дүрслэн үзүүлэх боломжгүй юм гэсэн санаа.

Эхлээд долоон хүүгээ, дараа нь мөн төдий тооны охидоо алдсан золгүй эх Ниобея энэ их гарзыг тэвчилгүй, эцэстээ хад болон хувирсан тухай яруу найрагчдын санаа ч эндээс урган гарч байна:-

Diriguisse malis. (лат. Уй гашуудаа дийлдээд чулуу болжээ.)

Хэтийдсэн уй зовлон нүүрлэхийн цагт биднийг нөмрөн авдаг тэр л хар бараан, дүлий бөглүү багтралыг үзүүлэх гэж тэд ийм дүрийг бүтээжээ.

Үнэхээр ч, хэмжээлшгүй их уй гашуу бидний сэтгэлийг бүрнээ харанхуйлан боомилдог. Бэрх хэцүү мэдээг анхлан сонссоны дараа яг л иймэрхүү явдал тохиолддог. Энэхүү шинэ, гэнэтийн сэтгэгдлийн нөлөөн дор бидний хөдөлгөөн хөшүүн, бээрэнги, саа дайрсан мэт болчих бөгөөд нэлээд байзнасны дараа л энэ бүхэн нулимс гомдлоор сая тайлагдан, хамаг чөдөр тушаа нь алдуурчих шиг, амьсгалахад ч тавиусч, дотор онгойгоод ирдэг.

Et via vix tandem voci laxata dolore est. (лат. Хоолой дээр тээглэсэн их уй арайхийж нэг юм сарнилаа.)

Фердинанд ван Унгарын ван Иоанны бэлэвсэн эхнэртэй дайтаж байж үед болсон явдал. Буда орчмын нэгэн тулалдаанд хэн бүхнийг шагшуулан, гайхалтай баатарлагаар тулалдаж байсан нэгэн морьтон хөсөр унахыг үзээд, германы жанжин Рейшах бусдын хамтаар тэр цэргийн араас ихэд харуусан халаглажээ. Тэгээд мөнөөхөн морьтон чухам хэн байсныг үзэхээр сониучирхан очиж, хуяг дуулгыг тайлуултал өөрийнх нь хүү байх нь тэр. Ойр тойрны нь бүх хүн уйлалдахад Рейшах л нэг үг дуугарсангүй, нулимс ч унагасангүй, нуруугаа цэхлэн зогсоод нас барсан хүүгээ цоо ширтжээ. Тэрээр уй гашуудаа автаад амьгүй мэт хөшиж, муужран унах хүртлээ ийн зогссоор л байжээ.

Chi puo dir com' egli arde, e in picciol fuoco. (ит. Хэрхэн дүрэлзэн шатаж байгаагаа илтгэн хэлж чадаж буй бол, тийм ч айхтар шатаагүй байгаа хэрэг.)

Дурласан хүмүүс хүсэл тэмүүллээ илэрхийлэх гэхдээ:

Misero quod omnes
Eripit sensus mihi. Nam simul te,
Lesbia, aspexi, nihil est super mi
Quod luquar amens.
Lesbia sed torpet, tenius sub artus
Flamma dimanat, sonitu suopte
Tinniunt aures, gemina teguntur
Lumina nocte (лат. Аяа, хайр дурлал хамаг мэдрэхгүйг минь үгүй болгожээ. Чамайг хармагц л, Лесбия, би ухаанаа гээж, үг дуугарч ч чадахаа болих юм. Хэл минь хөшиж, бүхий л биеэр минь галын дөл цонож, чих шуугин, нүд харанхуйлах юм.)
хэмээдэг шүү дээ.

Гал халуун хүсэл тэмүүлэлд автах мөчдөө бид шаналал гунигаа илэрхийлэх чадваргүй болдог. Сэтгэл маань гүнзгий санаашралд автаж, харин бие махбод маань хайр дурлалд тэмүүлж байдаг.

Эндээс л дурлалт хүмүүст тохиолддог цагаа олоогүй гэнэтийн сандрал төрөн гардаг бөгөөд, маш ихээр хүсч тачаадсаны улмаас хамгийн амттай мөчид илрэн гардаг хүйтэн хөндий байдал ч ийм л шалтгаантай юм. Дур хүсэлд цэгнэж сонжих, бодож эргэцүүлэх зай гарч байгаа л бол тэр маш хүчтэй ассан тэмүүлэл яавч биш билээ.

Curae leves loquunter, ungentes stupent. (лат. Өчүүхэн гунил л үглээ. Их уй бол нам гүм.)

Ромчуудыг Ханнибал толгой дараалан хядсан аймшигт тулалдаанаас эсэн мэнд буцан ирсэн хүүгээ харуут гэнэтийн баяр хөөртөө автаад амь тавьсан ром эмэгтэйн тухай яриа бий. Мөн Софокл, дарангуйлагч Дионисий нар хэт их баярласандаа болоод нас барсан гэдэг. Сенатаас өөрт нь өндөр дээд хэргэм хүртээсэн тухай мэдээ бүхий захидлыг уншаад догдолсны улмаас Корсик арлыг байлдан дагуулсан, Ромын консул Тальвагийн зүрх зогссон юм. Энэ бүхнийг үл тоочин манай цаг үед хамрагдах жишээг хайя л даа. Х Пап Лев л гэхэд удтал хүсч явсан нь ёсроор болж Милан эзлэгдсэнийг сонсоод баярласандаа солио тусч, төдөлгүй нас барсан билээ.

Хүний өчүүхэн дорой шинжийг гэрчлэх илүү сонирхолтой нэгэн тохиолдлыг эртний сударт тэмдэглэжээ. Ном хаялцах үеэр маргалдагч талынхаа үгийг няцааж чадалгүй, шавь нарынхаа нүдэн дээр мад тавиулсандаа ичээд гүн ухаантан Диодор Диалектик амьсгаа хураасан гэнэ.

Би бол ямарваа адгуу хүсэлд тэгтлээ гүн автдаггүй. Намайг тэгтэл улайруулах амаргүй л дээ. Төрөлхөөсөө би ийм араншинтай, түүн дээр бас байнга бодож эргэцүүлж явахыг илүүд үздэгийнхээ ачаар, өдөр өнгөрөх тусам улам хатуужсаар л байна.

Мишель дө Монтень: Сонгомол Эсээнүүд
Орчуулж, эрхлэн гаргасан: Гүн овогт Г. Аюурзана
Редактор: Л. Өлзийтөгс