Friday, September 24, 2010

Араар тавилт /Double-Crossing/ ба Ашиглалт

Дөнгөж сая над руу нэг Юнител залгангуутаа намайг нөхөртэй нь явалдсан яасан яасан ямар юу юу гэчихэв дээ. Бөөн ууртай эхнэр байхын. "Та дугаар андуураагүй биз?" гэж асуучихаад ямар тэнэг юм асууснаа ойлгов. Угаасаа яг жинхэнэ хүн нь байсан ч тэгж л асууна шүү дээ. Хаа байгаа газар минь ирээд намайг алах юм гэнэ. Гайхалтай. Гоё блог уншиж яваад иймэрхүү андуурсан дуудлаганд шууд хамаг унтрах юм байна л даа. Ер нь яахаараа миний утас руу дандаа ингэж дугаар андуурсан дуудлага ирж байдаг байна аа?

Ямар ч нэмэргүй юм байна гэдгийг нь ойлгоод утсаа тасалснаар бүр хойно бодлоо. Нээрээ яагаад энэ эмэгтэй ингэж уурлана вэ? Асуух юун. Нөхөр нь араар нь тавьсан. Гэхдээ энэ уурлах шалтгаан мөн үү? Мэдээж шүү дээ. Нөхөр нь тэр хоёрын хооронд байсан холбоог эвдсэн. Түүнээс урвасан. Хамгийн гол нь түүний итгэлийг эвдсэн. Гэхдээ магадгүй энэ эмэгтэй ямар нэгэн юм болоод байсныг урьд өмнөөс сэжиглэж байсан нь гарцаагүй. Үгүй бол гэв гэнэт ингэж дэлбэрэхгүй шүү дээ. Тэгэхээр аль хэдийн итгэл нь гуйваад эхэлчихсэн байсан байж таараа. Гэсэн ч түүний өмнө итгэл нь бүтэн байсан нь тодорхой.


Дээрээс тэр эмэгтэйн залгах ёстой байсан бүсгүй ч тэр. (Би арай залуу хүн байсан болов уу гэж бодоод бүсгүй гэлээ. Учир нь эмэгтэй миний хоолойг сонсчихоод бүр уур нь хүрэх шиг санагдсан) Яг үнэндээ нөхөр тэр бүсгүйг ашиглаж байгаа шүү дээ. Өөртөө байхгүй байгаагаа нөхөх гэж л тэр. Угаасаа тэр нөхөр бүсгүйг аз жаргалтай болгохгүй. Эмэгтэйн хоолойноос нөхөр эмэгтэйг аз жаргалтай байлгадаггүй нь илт байсан. Бүсгүй минь чи яагаад ийм мазохист үйлдэл хийнэ вэ? Хүмүүс өөрсдийн "хувиа хичээсэн" зангаасаа болж яах гэж ингэж ойр дотны, хайртай, хайрлаж байх ёстой хүмүүстээ ингэж хандана вэ?

Мэдээж надад иймэрхүү явдал тохиолдол тохиолдож байсан. (I mean my bf double crossed me.) Харин би тэр үед юу ч мэдрээгүй. Дараа нь миний аав байна. Ахиад би яг тэр үед юу ч мэдрээгүй. Удахгүй аймшигтай өвдөж эхэлсэн. Тэгээд тэр өвдөлт миний бүх мэдрэмжийг ирсэн шигээ хурдан аваад алга болсон. Юуг ч мэдрэхээ больчихсон. Харамсалтай санагдаж билээ. Ингээд би нэг мөсөн сэтгэлийн хөдлөлөөс эхлээд ямар ч хүний гэхээр мэдрэмжүүдээ алдсан юм даа. Хүн биш юм шиг санагдах үе байдаг юм билээ. Миний амьдралыг тэр чигээр нь эргүүлж билээ. Одоо харин эдгэрч байх шиг байна. Цаг хугацаа яах аргагүй бүхнийг анагаагч бололтой.

I know I won't go forward. But it is important that I try.
Anu (LOL)