Wednesday, September 1, 2010

SALT


5.0/5.0
Би Солт -ыг нилээн удаан хүлээсэн юм. Мэдээж хэрэг яригдаж эхэлснээс нь хойш гэж хэлэхгүй ээ. Ямартай ч IMDB.com -д анхны постер нь тавигдахад шууд л үзмээр санагдаж билээ. "Angelina Jolie Wanted дээр ямар гоё байлаа даа. Энэ удаад тэр өөрөө тэр төрлийнхөө кинонд гол дүрд нь тоглох нь байна ш дээ" гээд л догдолж алдсан. LOL

Солт-ын дүрийг бүтээлгэхээр анхандаа Tom Cruise-д санал тавьсан гэдгийг нь уншаад бүр гоё санагдлаа. "Энэ дүр ч эмэгтэй хүн гэдэг талаас нь харуулаад зогсохгүй, эр хүн шиг байх аюулгүй албаны ажилтаныг харуулах нь ээ" гээд л их л шимтлээ.


Ингэж байж нэг хүлээсэн өдөр ирдэг юм байжээ. Солт-ын нээлтэн дээр яаж байж суух газраа олох вэ дээ? Дээд давхарт хүлээж байхдаа хоёр охин хоорондоо киноны утга агуулгыг ярилцаж байхыг хальт сонслоо:

"-Солт-ыг Оросын тагнуул гээд, тэгээд Солт зугатаад... Тэх Angelina Jolie -ын нэр нь Эвелин Солт байхгүй юу."
" -Холливуд нээрээ хурдан юм аа. АНУ-д байгаа Оросын тагнуул байж болзошгүй гэр бүл гээд л цуу дэгдээд эхлэнгүүт тэрүүгээр нь кино хийчих юм."

Гэрэл унтарсан, кино эхэлсэн. (Би хэдэн минут хоцорсон болохоор яг яасныг мэдэхгүй. Гэхдээ л их гоё байсан гэдэгт итгэлтэй байна.) OMG (Би атейст), гайхалтай. Тэнэг болтлоо хүлээсэн минь талаар өнгөрөөгүй шүү.

Киноны эхний гуравны нэгд нь хэн нь хэнийхээ талд ороод байгаа нь мэдэгдэхгүй өнгөрсөн. Орлов зугатаад л, Солт нөхрөө хайгаад л, Солтын араас CIA (FBI ч билүү) хөөгөөд л, тэдний араас Ted Winter (хөгжилтэйгөөр харах юм бол Өвлийн Чихмэл Баавгай) Солт-ыг өмгөөлөөд л... Нэг бодлын хөгжилтэй.

Дараагийн гуравны нэгд Солтын юу хийгээд байгаад нь итгэхгүй алмайраад л... Би арай төвөгтэй, өөр юм хүлээж байлаа. Ахиад ямар нэгэн нууц тайлагдах гэж байгаа юм шиг. Тэрийг нь олох гэж үйлдэл болгоныг нь ажиглаад л...

Сүүлийн гуравны нэгт Солтыг эцсийн даалгавараа хэрхэн биелүүлэх, бүр биелүүлэх эсэхийг ч харахыг тэсэн ядан хүлээж суусан юм. (Нээрээ Jolie Цагаан Ордон руу орох гэж байхад нь зэвсгийн шалгах хэсэг дээр ямар гоё эрэгтэй болсныг харах хөгжилтэй байсан. Инээд хүрээд л явчихсан.)

2010 онд дэлгэцнээ гарсан Солт бүх л киноны туршид хэнийг ч уйдаахгүй, үргэлж цаашид юу болохыг мэдэх хүслийг нь төрүүлж, урам зориг хайрласан (ялангуяа Америкчуудад. Тэд нар маш сайн алуурчинтай боллоо шүү дээ. Лол) кино болж чадсан. Хэдийгээр киноны үйл явдал дуусаагүй юм шигээр төгсдөг ч түүнээс илүү сайн төгсгөл байхгүй. Солт эцсээ хүртэл өөрийнх амьдралыг балласан юм бүрээс, энэ тохиолдолд хүн бүрээс, хариугаа нэхэх болно. Кино театраас гарч явахад хүн бүр тийм л бодолтой байсан гэдэгт итгэлтэй байна.