Friday, April 15, 2011

Багш нараа гэж

Бид нар амьдралдаа олон багш нартай тааралддаг. Гэр бүлийнхэн чинь ч тэр, найзууд чинь ч тэр чиний амьдралд нөлөөлж байдаг. Тэр утгаараа ч багш чинь болж байгаа юм. Гэхдээ би өнөөдөр бидний сургуулийн багш нарын талаар ярих гэсэн юм.
Бага ангийн багш, дунд ангийн багш нар, ахлах ангийн багш нар, цаашлаад их, дээд сургуулийн багш, доктор, профессорууд гээд бидэнд олон сургагч багш нар ордог.

Бага ангийн багш нар бидэнд ээж, аав шиг ханддаг. Учир нь бага ангийнханд найз нь юм шиг учирлаад ирэхээр багш, сурагчийн харилцаа хүндлэл дээр тогтохоо больдог. Бодоод үзэхнээ хүүхдүүдэд өөрөөсөө илүү мэдлэг, чадвартай хүнийг хүндлэх суртахуун бага ангийн багшийг дамжиж л суудаг юм шиг байгаа юм. Зарим мэргэшсэн хүмүүсийн хувьд бол эдгээр багш нар мэдлэгийн хувьд муу байж болох ч тэдэнд хүүхдийг хүмүүжүүлэх, юу ч ойлгохгүй, системчилсэн боловсролыг өмнө огт авч байгаагүй оюун ухаанд анхны мэдлэгийг суулгах чадварыг эзэмшсэн байдаг. Тэр утгаараа тэдгээр хүмүүс бусдыг хийх боломжгүй эсвэл сурах ч боломжгүйг хийж байдаг. Би хаа нэг газар бага ангийн багш нар сурагчдаа гар хүрсэн гэх яриаг сонсож л байсан л даа. /петафил утгаараа биш/ Манай ангийн багш ч заримдаа хичээлээ хийгээгүй эсвэл үймүүлээд байгаа хүүхдийг хэд хэд чимхэж авч байсныг санаж байна. Би өөрөө ч нэг удаа чимхүүлж байсан. Харин яагаад гэдгийг нь санахгүй байна. Зарим багш нар арай л хэтрүүлдэг байж болох л юм л даа. Гэхдээ миний бага ангийн багшийн /52-р сургуулийн Гүнжид, одоо хичээлийн эрхлэгч болсон/ хүндэтгэл, зүйрлэл, төсөөллийг хэн ч, юу ч балартуулж чадахгүй байх гэж би боддог.

Дунд ангид ороод гардаг маш том өөрчлөлт нь бүх хичээлийг чинь нэг л багш орж, бүгдийг чинь мэддэг байсан нэг л хүн байхаа больж нэгэн зэрэг олон хүн чамд өөрийнхөө заах хичээлийн чухалыг таниулах гэж оролдох болно. Гэхдээ тэрнээс илүүтэйгээр чи л өөрөө багшийнхаа сэтгэлд нийцэх гэж сайн байх хэрэгтэй болох байх. Хэрэв чи авъяастай бол өөрийнхөө талбарт татан оруулах гэж үзэж эхлэнэ. Олон юмны дунд толгой ч төөрөхөөс яахав гэж. Энэ үед багшийн хувийн хандлага тухайн сурагчийн тухайн хичээлд хандах хандлагад шууд нөлөөлдөг. Шударга, зөөлөн, шаргуу багш нарын хичээл өөрийн эрхгүй ойлгогдоод, цаашдаа тэр чиглэлийг хөөж болмоор ч юм шиг санагддаг. Хатуу, ширүүн, нилээд ууртай, үглээ багш нар өөрөө ч анзааралгүйгээр сурагчидыг тухайн хичээлээс нь ч дөлөхөд хүргэдэг. /Би лав нийгмийн ухааны багшдаа дургүйгээс болоод тэр хичээлийг хийдэгггүй байсан. Харин одоо би яг тэр чиглэлээр суралцаж байна ш дээ./ Хэдийгээр дунд ангийн сурагчидыг хүмүүс том болсон хүүхдүүд гэж ойлгодог ч яг үнэндээ тэд нар бас л өөрсдийн асуудлыг ойлгох гэж ядаж байгаа, харин ч хүнд, хэцүү үе дээрээ байгаа өсвөр насныхан шүү дээ. Тэрийг нь мэдэхгүй, зарим нь бүр тоохгүйгээр багш нар хүүхдийн ирээдүйд томоохон уналт эсвэл хөрөнгө оруулалтыг хийж байдаг. Энэ үед сонгосон чиглэлээрээ л хүүхдүүд цаашдын ирээдүй нь шийдэгдэх нь элбэг байдаг. Миний хувьд бол тэгээгүй байх. Би Математик, Физик, Зураг төсөл, Англи хэлний олимпиадад бэлддэг байсан. Одоо наадад хэрэг болж байгаа нь Англи хэл, заримдаа Математик юм даа. Тэгэхээр би намайг хүн болоход хүмүүжүүлсэн эдгээр хичээлийнхээ багш нартаа /11-р сургуулийн Физикийн Гэрэлмаа, Математикийн Нинжбадам, Буянтогтох, зураг төслийн Адъяа/ талархмаар байна. Тэд нар миний аливаа асуудалд дүн шинжилгээ хийх, нөхцөл байдлыг судлах, хариу өгөх зэрэг чадваруудыг минь /тийм ч сайн биш л дээ/ өөрсдийн шинжлэх ухаанаар дамжуулан хөгжүүлж өгсөн гэж боддог юм.

Ахлах ангид яг л дунд анги, гэхдээ өөрсдийгөө илүү том болсон гэж боддог хүүхдүүдтэй л болсон байдаг. Судлагдахуун чинь хувь хүн гэдгээс илүүтэйгээр тухайн шинжлэх ухаандаа ханддаг бөгөөд багш нар ч өөрийгөө сурагчдад таниулах цагийг гаргадаггүй. Тэгэх шаардлага ч байхгүй байх. Ахлах анги л жинхэнэ сурагчийн ирээдүйн карьерийн чиглэлийг тодорхойлдог учираас ёстой одоо л багш нар маань бидний "лобби"-дож эхэлнэ дээ. Миний хувьд бол ахлах анги илүү "фракц"-ын шинжтэй байдаг. Бүх проектууд багаараа, хамтран ажиллаж, бие биентэйгээ ойлголцож сурна. Тухайн даалгавараа сайн хийж чадвал сайн л биз, үгүй бол сурагчийн багийн чадвар дээшилж л байна. Бусдаар ахлах ангийнханы дааварын үйл ажиллагаанууд ихсэх нь мэдээж. Тэрийг нь багш нар ойлгодог нь бүр гоё. Угаасаа хорьж чадахгүй юм чинь. Тэр талаараа ахлах ангийн багш нар онцлогтой. Тэд нар яг энэ үед л сурагчидтай зөвхөн сургагч, сурагчийн харилцаагаар биш адилхан "хүн" гэсэн өнцгөөс хандаж эхэлсэн байдаг. Энэ нь тухайн сурагчдад өөрөөсөө ахмад хүнтэй зөвхөн дээшээ харж биш харин хамтран мөр зэрэгцэн ажиллах чадварыг суулгаж өгдөг байх. Надад энэ үед бүх хичээлүүд маань таалагддаг байсан бас бүх багш нар маань надад сайн талаас нь нөлөөлсөн. Одоо бодох нь ээ ахлах ангийн багш нар маань нэг бол ямар ч муу талтай байгаагүй эсвэл тэд нарын муу талыг бий өөртөө тусгаж аваагүй. Хоёр дахь нь л байх л даа.

Их сургуульд ороод хандлага ёстой тэр чигээрээ өөрчлөгдөнө өө. Багш нар бүр илүү өөрийгөө нууцлаж харин чамайг ёстой уншиж эхэлнэ дээ. Ачаалал чинь хамаагүй ихсэж хийх ажил чинь ч илүү нарийн болно. Зарим нь үнэхээр чамайг насанд хүрсэн хүн шиг өөртэйгөө ижилхэн хандана, зарим нь бүр өөрийнхөө хүүхэд шиг бөөцийлнэ, зарим нь харин өөрийнхөө бургууг чамд тохно. Тэр үед нь чи юу ч хэлэхэв дээ. Дүн чинь тэр хүний гарт байгаа юм чинь. Тэр дүн нь харин жинхэнээсээ чиний карьерыг бараг шийднэ. Зохицохоос аргагүй. Харин тэр үед нь дургүйцсэн уураа яг л над шиг ингэж блогтоо л бичиж гаргах юм даа. Би одоо ч оюутан хэвээрээ байгаа болохоор энэ цогцолборыг дуусгаж, дүгнэх арга байсангүй.

Багш нарынхаа тухай юу гэж боддогоо дор сэтгэгдэлээр үлдээгээрэй.